Sunday, October 19, 2014

Interview






Үргэлж л хувьсан өөрчлөгдөж байдаг өдөр хоногуудыг юу шинэлэг болгодог вэ. Уншигч та энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Тэгээд энэхүү асуултад “Дуусаж дундаршгүй санаа, хүсэл зорилго маань л амьдарлын өдөр хоногуудыг өнгөлөг болгодог” гэж хариулсан түүний ярилцлагыг хүлээн авна уу. Сэтгүүлийн энэ сарын дугаарт дизайнер Үржинээгийн Юмжир саатаж байна. Тэрбээр Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн ач, монументал урлагийн томоохон төлөөлөл болсон Я.Үржинээгийн охин билээ.


Нүдэнд туссан онцгой загвар бүтээдэг, үндэсний брэндтэй болох мөрөөдөлтэй, загваруудаа модельд өмсүүлэхээс илүү өөрөө өмсөж бусдад танилцуулдаг энэ бүсгүй сүүлийн хэдэн жилд эрчимтэйгээр ажиллаж байгаа. Түүний тухай мэдэх зүйл маань ердөө л энэ байв. Гэхдээ энгийн хэрнээ содон, цаанаа л нэг дулаахан харагддаг загваруудад нь нүдээ унагаж явсан тул би түүнтэй уулзахдаа баяртай байсан юм.
Тэрбээр төсөөлснөөс минь хавьгүй залуухан бүсгүй байлаа. Байгаа байдал, нэвт харах харцыг юутай ч зүйрлэмээр юм дээ. Ямартай ч утсаар ярьсан шигээ албархуу, чанга хүн биш байв. Бидний яриа түүний очих дуртай газарт өрнөсөн юм.




-Та зурагнаасаа ч залуухан харагдаж байна. Бүр наснаасаа ч залуухан юм. Ямар нэг нууц байна уу?
-Сэтгэлзүйтэй холбоотой юм болов уу. Уг нь эмэгтэйчүүд арьсаа арчилж, төрөл бүрийн маск тавиад, эртхэн унтаж амрах хэрэгтэй л дээ. Гэтэл би ажил ихтэй үедээ нойргүй хонож л байдаг. Гоо сайхнаа нэгдүгээрт тавьж байсан удаагүй ээ. Ажилдаа улайраад ихэнх цагаа ажиллаж өнгөрөөдөг. Ажиллаж байхдаа би жаргалтай байдаг. Ер нь урлагийн хүмүүс удаан өтөлдөг нь ажиглагддаг. Магадгүй дуртай зүйлээ хийж, үргэлжид сайхан хүсэл, сайхан бодлоор тэжээгддэг учраас тэр байх.

Уг нь миний хамгийн эхэнд асуусан асуулт энэ биш л дээ. Би түүнтэй уулзангуутаа “Таны дотор ямар нэг үймээн дэгдээ юу” гэж асуусан юм. Би түүний юу бодож байгааг мэдэхийг маш их хүссэн боловч халдаж зүрхлээгүй. Тэгээд л бидний яриа хувцас загварын тухай, түүний амьдралын хэв маягийн тухай аажмаар хөвөрсөн юм.
-
Таны загваруудаас этник хэв маяг тодхон харагддаг.
-Би монгол хэв маягийг илэрхийлсэн өдөр тутмын, чөлөөт загваруудаар дагнаж байгаа. Өдөр тутмын үндэсний хэв маягтай хувцасны брэндийг бий болгох зорилготой.

-Юмжир гэдэг нэр загваруудтай чинь адилхан этник сонсогдоод байгаа юм. Таны нэр ямар учиртай юм бэ?
-Өвөөгийн минь өгсөн нэр. Ногоон дарь эхийн нэр.

-Хэр хуучинсаг хүн бэ?
-Хуучин болоод шинэ үеийг хослуулагч... Хуучинсаг үзэл зарим үед их хэрэг болно шүү. Ажлаа чин сэтгэлээсээ хийнэ, зарчимч, хөдөлмөрч гээд энэ бүхэн одоо үед ховордоод байх шиг. Хуучинсаг үзлээ гээлгүй шинэ үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна даа.

-Загваруудыг тань харахад их энгийн хүн шиг санагдаад байна. Бас таныг гоёчихсон явж байхыг харж байгаагүй л дээ. Гэхдээ гоёлын тань даашинзны сонголт ямар байхыг төсөөлөх гэхээр чадахгүй юм аа.
-Би өдрийн ихэнх цагийг урлан дээрээ өнгөрөөдөг болохоор биед эвтэйхэн чөлөөт байдлыг эрхэмлэдэг. Харин хэзээ хаашаа явах гэж байгаагаас хамаараад тухайн хувцаслалт маань ямар ч байж болно. Чи миний фейсбүүк хуудас руу ороод бүх зургуудыг эхнээс нь үзвэл тэнд гоёлын даашинзнаас гадна, бүх л төрлийн миний хувцаслалт байгаа даа.

-Бусад дизайнераас ялгагдах зүйл танд олон байна аа. Тухайлбал загвараа өөрөө өмсөж, хүмүүст танилцуулдаг гээд л...
-Тиймээ өөрөө загвараа өмсчихдөг. Өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцаснуудаа шинэ загвар болгон бүтээдэгтэй холбоотой байх. Хувцас бэлэн болонгуут өөрөө өмсөөд зургаа авахуулахаар цаг ч их хэмнэдэг. Хүмүүс ч бас иймэрхүү энгийн зүйлд дуртай нь ажиглагдсан. Тухайлбал модельд өмсгөсөн хувцасны зургийг харахдаа ямар гоё юм бэ гэхдээ энэ надад зохих болов уу гэж эргэлздэг юм шиг санагдсан. Тиймээс би хувцсаа зүгээр өмсөөд л авхуулдаг.


-Таны фэйсбүүк хуудсыг үзэхэд, өөртөө хувцас хийсэн тухай постууд их байсан. Ер нь хувцас худалдаж авдаг уу?
-Хувцасны дизайнер байж болж өгвөл өөрийнхөө загварыг л өмсөх хэрэгтэй шүү дээ. Дэлгүүрээс бараг л хувцас худалдаж авдаггүй. Гутал, цүнх, жинсэн өмд л авдаг байх. Заримдаа жинсээ ч өөрөө хийгээд өмсөх тохиолдол байна. Би хаа газрын даавууны дэлгүүрээр хэсч даавуу л цуглуулдаг даа. Тэр даавуунуудаа хувцас болгон хардаг.

-Олон янзын шалтгаанаар хувцасаа урладаг байх. Гарыг чинь загатнуулж байж бүтсэн хувцаснаасаа үзүүлээч.
-Тийм хувцас зөндөө. Сүүлд өвөл юу өмсдөг юм билээ гээд бодож байгаад нэг өглөө дээлэн куртка зүүдлээд сэрсэн. Дээлний энгэртэй синтефонон дулаахан куртка. Өглөө босоод л бүр хурдан хийж өмсмөөр санагдаад даавууны дэлгүүр ороод тэр өдөртөө хийж дуусгаж байж билээ.

-Таны материалын сонголт ер нь онцгой санагддаг шүү.
-Өө, би янз бүрийн материал цуглуулах дуртай. Заримдаа урлахад хэцүү материалаар юм хиймээр санагдана. Цулгуй материал дээр өөр материалаар хээ гарган зохиох, янз бүрийн материал хольж хаана ч байхгүй өнгө “бүтээх” дуртай. Зарим загвар маань энгийн эсгүүр оёдолтой хирнээ даавууны хээ фактуртаа цаг их орсон байдаг.




-Би дизайнеруудыг материалын “донтон” гэж боддог байлаа. Гарт таарсан бүхнээ имэрч үзээд л, суусан буйдан болгоноо илээд л... Түүнээсээ хачин их таашаал авч шинэ санаагаа толгойдоо үрслүүлдэг ч юм уу. Гэхдээ миний уулзаж байсан дизайнерууд төсөөлсөн шиг минь байгаагүй. Харин та ямар вэ?
-Яг ч гартаа таарсан бүхнийг илээд явахгүй л дээ. Гэхдээ л би материалын “донтон”. Би загвараа бодож олчихоод дотроо материалаа төсөөлдөг. Тэгээд төсөөллийн материалиа олох гэж эрэл хайгуул хийнэ. Энд тэнд явахдаа материалын дэлгүүр, захуудыг “нэгжиж” байж санаа амарна. Заримдаа бүр яг миний зурсан, бодож “олсон” хээ хуар бүхий материал тааралдана гээч. Манай найз нэг удаа хамт гадагшаа материаланд явж байхдаа миний эскиз зургуудыг харчихаад “Чи эндэхийн даавуунуудыг өмнө нь ирж үзчихээд дараа нь загваруудаа зурсан юм шиг яаж ийм төстэй даавуунууд олдог байнаа” гэж хэлж байсан. Надад харин ноолууртай ажиллах таалагдсан. Хүссэн хээ, өнгөө гаргаж аваад л их сайхан.


-Та өөрийгөө материал гээд төсөөлвөл?
-Ямар ч загварыг илэрхийлж чадах, бусад материальтай сайхан зохицох... Өмсөхөд биед таатай, харахад гоёмсог нэг тийм зөөлөн....


-Өө, та нүдэнд харагдахаар гоё дүрсэлсэнгүй ш дээ. Таны дотор орохоос нааш мэдэхгүй юм байна... Тэгвэл та ямар өнгийн хүн бэ? 
-Амьдрал бол цагаанаас хар хүртэлх бүх өнгөний нийлбэр, амьдралдаа ямар өнгө илүү нэмэхийг хүн өөрөө шийдэж ч болох. Би амьдралынхаа янз бүрийн цаг үеэс хамаарч өөрчлөгдөн өөр өөр өнгөөр гэрэлтэж явдаг. Өөр олон өнгийг хольж дундаас нь байдаггүй өвөрмөц өнгө ч гаргадаг.

-Би таныг ойлгох гээд, хэлбэр дүрсийг чинь олох гээд их л мэрийж байна даа.
-Харин тийм. Намайг уудлах гээд л үзээд байна. Би илэн далангүй юм шиг хирнээ их нууцлаг хүн юм байна... Ер нь уншаад бардаггүй, учрыг нь олох гэж толгойгоо гашилгадаг, улам л сонирхон уншдаг номтой өөрийгөө зүйрлэмээр байна.

-Зарим хүний амьдрал шулуун зураас шиг байхад заримынх нь зүрхний бичлэг шиг байдаг гэлцдэг. Таны амьдрал хэрхэн өрнөж байна даа?
-Дэгэн догонтой, өгсүүр шаттай л байна даа. Өөрийнхөө өнөөдрийг хүртэлх амьдралаа замаар дүрсэлвэл би шулуунаар нь ч, бартаатайгаар нь ч, уруу замаар нь ч явж үзжээ.

-Та яг одоо аль хэсэгт нь явж байна?
-Яг одоо бол нэг өндөрлөг өөд мацаж байна даа. Миний хүрэх өндөрлөг ойрхон л харагдаад байгаа. Тэнд хүрчихвэл дараа дараагийн өндөр уул намайг хүлээж байгаа.\

-Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг. Таны амьдрал яг хэзээнээс эхэлсэн бэ?
-Миний амьдрал 30 насанд эхэлсэн.

-Яагаад. Яг амьдрал эхлэнэ гэж юу гэсэн үг юм бэ?
-Өөрийгөө олоход жинхэнэ  амьдрал эхэлж байгаа юм даа. Жишээ нь миний хамгийн хийх дуртай зүйл маань хувцас загвар ч гэлээ олон шалтгааны улмаас өөр янз бүрийн ажил хийж байсан. Дуртай ажлаа хийж мөрөөдлөө хэзээ нэг цаг биелүүлнэ дээ гэж бодоод л яваад байлаа. Нэг л  өдөр ямар ч саад бэрхшээл байлаа би хүссэн зүйлээ л хийх ёстой юм байна гээд бүгдийг эхнээс нь эхэлсэн.
-Та тэгвэл хувцас загварын салбарт саяхан орж ирээд, олон зүйлийг амжуулжээ.
-Оройхон гараад, ширүүхэн дайрна л гэдэг болж байна. Надад хийх зүйл маш их байгаа. Амжуулахын тулд эрчимтэй ажиллах хэрэгтэй.
-Та 30 наснаасаа өмнөх амьдралдаа харамсдаг уу. Эртхэн эхлэх байж дээ гээд...
-Харамсдаггүй, өөрөө өөрийгөө олох гэж л явсан  шүү дээ. Юм бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг байх. Тохироо бүрдэх хүртэл олон л зүйл болно. Гэхдээ би урьд нь их баригдмал байсан байх аа. Нью Йоркт байх хугацаандаа би өөрийгөө илүү хурц тод гэдгийг мэдэрсэн. Өөрийгөө илүү их ойлгосон, өөрийгөө нээсэн.
-Их хот хүнийг их өөрчилдөг гэдэг. Урсгал дагахгүй байхыг заадаг ч гэдэг.
Хүн ам ихтэй хотуудад өрсөлдөөн ихтэй тул хүний сэтгэн бодох чадварыг улам л дээшлүүлдэг. Тэнд би их хурцлагдсан. Өөртөө маш итгэлтэй болсон.  Сэтгэлгээ маань их задарсан. Уран бүтээлч хүний өөрийн хэв маяг гэж байдаг тэрийгээ би олсон.
-Тэгэхээр таны монгол хэв маягийн хувцасны брэнд бий болгох хүсэл яалт ч гүй том зорилго юм аа. Уг нь их энгийн сонсогдоод байсан юм :P
-Сүүлийн 5 жил  манайд хувцас загварын хөгжил хурдацтай явж байна.  Монгол хэв маягийг агуулсан загваруудад дурлах боллоо. Одоо монгол хэв маягийг шигтгэсэн өдөр тутмын хувцаснууд  хэрэгтэй.
-Би монгол, орос, англи дээр блог хөтөлдөг.  Блогоор маань дамжуулаад гадаад, дотоодын олон хүмүүс холбогдоно оо. Дээхнэ нэг NY-ийн  загварын судлаач надаас монголын загварын ертөнцийн  талаар, дизайнеруудын талаар, монгол үндэсний хувцасны ямар загвар  болоод  деталь нь трэнд болж байгаа вэ? гээд л олон асуулт асуусан захиа бичсэн.
- Та тэгээд хариу өгсөн үү?
-Хариу бичсэн.  Гаднын трэнд тогтоогчид судлаачид  улс үндэстнүүдийн хувцасны онцлогийг судалсаар л  байна. Би Монгол хэв маягийн загварууд дэлхийн хувцас загварын трендэд ороосой гэж мөрөөддөг.
Тэрбээр надад  2010 онд гаргасан "Хувцасны Дизайн" номоо бэлэглэхэд түүнийг шаггүй сайн нийтлэгч болохыг олж мэдсэн юм. 

  1. -Үнэхээр сэтгэл гаргаж бүтээсэн ном байна. Дэлхийн загварын түүх, хувцасны эсгүүр зохион бүтээлт, эскиз, зохиомж гээд л бараг л сурах бичиг шиг юм.
-Намайг оюутан байхад иймэрхүү ном монгол хэл дээр байсангүй ээ. Тэгээд л одоо загвар зохион бүтээгч болох гэж байгаа хүмүүст хэрэг болох байх гэсэн үүднээс энэхүү номыг бүтээсэн юм. Номондоо өвөөгийнхөө “үлдээсэн” монгол үндэстэн ястаны хувцасны судалбаруудыг оруулсан байгаа. Блог бичдэг байсан учраас ном бичихэд хэцүү зүйл байгаагүй шүү.
-Нээрэн блогоор олон хүмүүс холбогддог гэж байсан. Ямар блог хөтөлдөг юм бэ. Таны бичлэгийн хэлбэр бас уншихад урамтай юм.
-(Блогийн хаяг more.blog.gogo.mn ) . Нэлээн удаан хөтөлж байна. Анх сонирхолтой мэдээллүүд орчуулж нийтлэдэг байсан. Би орос сургууль төгссөн болохоор монгол хэлний найруулга зүйдээ тааруухан байсан харин блог бичсээр бичих маань сайжирсан.

Ярилцсан Т. Нипонь


No comments:

Post a Comment